Зизу

http://accel6.mettre-put-idata.over-blog.com/0/19/39/08/zinedine-zidane.jpgНэр: Зинедин Язид Зидан

Байрлал: Хагас хамгаалагч

Төрсөн газар: Марсель, Франц

Төрсөн огноо: 1972-6-23

Өндөр: 185 см

Тарик Ибн Зияд, Зинедин Язид Зидан нар нарлаг Пиреней, найрсаг Францад баларшгүй ул мөр үлдээсэн “ахан дүүс” билээ. “Ахан дүүс” гэхийн учир, тэд бол умард Африкийн уудам хуурай нутагт бидэн явагч Берберүүдийн угсаа.

Гэхдээ бас ялгаа бий. Тарик Испани, Францчуудын аймшигт дайсан байсан бол Зизу тэдэний хувьд бүхнээс хайртай тамирчин нь байв.

VIII зууны эхэн үед нарлаг Испанийг ирт мэсийн хүчээр Исламын номлолд умбуулж, ихэмсэг Францыг чичрүүлж асан ганц нүдэт Тарик хэмээн алдаршсан Тарик Ибн Зияд дэлхий дахинаа Берберүүд ямар дайнч хүмүүс болохыг мэдрүүлсэн бол ХХ зууны төгсгөл, ХХI зууны эхээр Бербер хүн ямар авъяаслаг болохыг Зинедин Язид Зидан яруу тодоор харуулсан билээ.

http://i5.photobucket.com/albums/y189/mitchtanz/aftrcanknight.jpgЗидан анхандаа “абадовий зулузама” гэх хочтой байсан ч дэлхий дахинаа Зизу хэмээх Франц нэрээрээ алдаршжээ.

Түүний эцгийг Смайл, эхийг нь Малика гэдэг. Тэд 1953 онд Алжирын жирийн нэгэн бяцхан суурин Агуемонэгээс цагаачлан гарч, Парист иржээ. Удалгүй тэднийх Газрын дундад тэнгисийн хамгийн чухал боомтуудын нэг Марсельд суурьшсан гэдэг.

1991 он. Тэдний бяцхан хүү Зизу Марселийн ойролцоох Ла Кастеллане гэх бэсрэг хотын орон нутгийн жижигхэн клуб “Сент-Анри”-ийн багачуудын багт оров. Ийнхүү дэлхийн хамгийн аугаа тоглогчдын нэг өөрийн хувь заяагаа ногоон талбайтай эгнэгт холбосон юм. Зизу арвандөрвөн настай байхдаа залуучуудын лигийн тэмцээнд оролцсон бөгөөд тэр жилдээ АС Каннын шинжээч Жан Варраугийн хараанд өртжээ. Тэрээр Каннд зургаан долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд хөлбөмбөгчин байх шалгуурт тэнцэн, цаашид мэргэжлийн түвшинд тоглох болтлоо дөрвөн улирлыг уг багтай үджээ. Зидан 17 настай байхдаа Францын хөлбөмбөгийн дээд дивизион болох Лиг-1 –д дебютээ хийв.

1991 оны хосрдугаар сарын 8. Тэрээр лиг-1 -д анхны гоалаа оруулахад түүнийг нь мялаан багийн ерөнхийлөгч нь машин бэлэглэв. Алжир цагаачийн хүү анх удаа өөрийн гэсэн машинтай боллоо. Тэр улиралд Канн клуб УЕФА цомд тоглох эрх авахад Зизу багагүй хувь нэмэр оруулав. Каннын төлөө тэрээр 65 тоглолтод оролцож, 6 гоал оруусан юм.

Залуухан тоглогч Зидан өвөг дээдсийнхээ нутгийн төлөө эсвэл төрөлх эх орныхоо төлөө зүтгэх сонголтын өмнө тулж ирлээ. Тэгээд ч Зизу Алжир, Францын аль алинд нь зүтгэж болохоор давхар иргэншилтэй байв. Эхлээд Алжирын шигшээ багт тоглох санал ирж, шигшээ багийн бэлтгэлд очсон ч залуу хагас хамгаалагчийг хэтэрхий удаан хөдөлгөөнтэй хэмээн голон буцаахдаа дасгалжуулагч Абделхамид Кермали юу хийснээ мэдээгүй гэдэг. Гологдсон Зизу төрсөн нутгийнхаа төлөө зүтгэхээр сэтгэл шулууджээ.

1992-1993 оны Борде клубт худалдагдан очив. Энэ клубт мөн л дөрвөн жил зүтгэхдээ 1995 оны Интертото цомын эзэн болж, 1995-1996 оны УЕФА цомын дэд аварга боллоо. Бордегийн хагас хамгаалалтын дунд шугамд 1998 оны дэлхийн аваргын тэмцээнд Зизутай хамтаар багийн хөдөлгүүр болж байсан Кристоф Дюгарри, Биксент Лизаразю нар тоглож байв.

1994 оны наймдугаар 17. Алжирын шигшээд гологдоод удаагүй байсан Зизу гурван өнгөтнүүдийн төлөөх дебютээ хийж, Чехийн шигшээд 2-0 –ээр хожигдож байсан багтаа тэнцээний гоал авчирсан билээ.

1995 онд Блэкбурн Роверсийн дасгалжуулагч Кенни Далглиш алтан тахиануудын ирээдүйн оддыг харж, Зидан, Дюгарри нарыг авахаар оролдсон ч багийн эзэн Жэк Волкер “… Бидэнд Тим Шервүүд байхад яахлээрээ энэ Зидан гэгч хэрэг болдог билээ?… ” хэмээн үл хэрэгсэн өнгөрөөжээ. Хожим нь засч янзлаагүй жинхэнэ алмазыг атгандаа хийснээ мэдэлгүй алдсандаа ихээхэн харамссан гэдэг.

http://www.wldcup.com/pictures/euro2004/zidane-juventus-redondo.jpg1996 он. Аваргуудын лигид түрүүлсэн Ювентус клуб 3 сая паундын үнээр Зиданыг Туринд газардуулав. Зизу ирсэн анхны улиралдаа л Сери А-ийн аварга буюу Скудетто хүртэж, Аваргуудын лигийн Финалд хүрсэн ч аз нь шовойсон Борусси Дортмундад сөхөрсөн билээ. 32 тоглотод 7 гоал оруулснаар хоёрдахь улиралдаа Скудетто хүртэж, Аваргуудын лигийн финалд дахин шалгарлаа. Энэ удаа тэдний өрсөлдөгч нь Реал Мадрид байв. 1-0 харьцаагаар хожигдлоо. Гурав дахь улиралдаа Сери А-ийн дэд аврга болсон ч Аваргуудын лигийн хэсгийн шатнаас дээш ахисангүй. Гамбург клубтэй тоглож байхдаа Иохен Кэйнцийг мөргөж талбайгаас анх удаа хөөгдлөө. Зидан хөгшин хатагтай нарын төлөө 5 улирал зүтгэхдээ 226 тоглолтод оролцож, 42 гоал оруулсан билээ.

Эрик Кантона жил гаруй хугацаанд бэртэлтэй байх үед Зидан түүнийг орлон шигшээ багийн найруулагчийн байрлалд тоглох болж, багтайгаа Евро 96-ийн хагас шигшээд хүрчээ. Улам бүр тодрон гялалзах болсон Зизу 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийнхаа хамгийн гол тоглогч нь болохоо харуулан, финалын тоглолтод хос гоал оруулан алдарт Бразилийн шигшээш бут ниргэн, алтан дагиныг Францад үлдээлээ.

Евро 2000 тэмцээнд түрүүлж, 26 жилийн турш хүлээсэн Европын аварга хэмээх нэр хүндийг эх орондоо авчирсан багийн хамгийн гол тоглогч нь бас л Зизу. Тэрээр одоо 28 настай. Клуб болон шигшээ багийн түвшинд авч болох бараг бүх цомыг цуглуулгадаа багтаагаад байв. Одоо түүнд шинэ амжилтын замнал хэрэгтэй.

2001 он. Хөлбөмбөгийн түүхэнд урьд хожид тохиолдож байгаагүй өндөр үнээр нэгэн тоглогч дэлхийн хамгийн аугаа клубуудын нэг Реал Мадридад 4 жилийн гэрээ байгуулан ирлээ. 51 сая евро!!! Энэ тоо өнөөдрийг хүртэл эвдэгдээгүй байгаа нь ямар үнэ цэнэтэй тоглогч болохыг харуулсан хэрэг. Мэдээж энэ эрхэм бол Лалын ертөнцийн амьд домог, Францын шигшээгийн түлхүүр тоглогч, Бербер гаралт Зинедин Язид Зидан гэгч байв.

2002 оны Аваргуудын лигийн финалд Байер Леверкузентэй таарч, хожлын гоалыг оруулан 2-1 харьцаагаар ялалт байгууллаа. Дараагийн улирал нь Дэлхийн шилдэг тоглогчийн шагналыг гурав дахь удаагаа хүртсэн билээ.

2002 оны дэлхийн аваргад Зизу эхний тоглолтыг гэмтлийн улмаас өнжиж, хэсгийн сүүлийн хоёр тоглолтод арга буюу орсон ч хэсгээсээ ч шалгарсангүй. Ихэнх экспертүүд Зизугийн формгүй байдал аваргуудыг гутамшигтайгаар ялагдахад хүргэсэн гэж үздэг.

2004 оны зургадугаар сарын 12. Евро-2004 ¼ шигшээ тоглолтод тэмцээний аварга болох тавилантай Грекэд хожигдсны дараа алдарт Зизу шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа мэдэгдлээ. Түүнтэй хамтаар домогт тоглогч Лизаразю, Десай нар “шипигээ хананд өлгөх” болсон юм.

2004 онд УЕФА-ийн санал асуулгаар Европын түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчоор шалгарсан төдийгүй, ФИФА-ны бүх цаг үеийн шилдэг 100 тоглогчийн тоонд багтжээ.

Зидан эзэн хааны клубын төлөөх сүүлчийн улиралдаа анхны хет-трикээрээ Севияа клубын хаалгыг мялаасан ч баг нь уг улиралд ямар нэгэн тэмцээнд түрүүлсэнгүй. 2006 оны тавдугаар сарын 7-нд Дэлхийн цомын тэмцээний дараа зодог тайлах бодолтой байгаа мэдэгдэж, сая сая шүтэн бишрэгчиддээ харамсал төрүүлсэн билээ. Тэрээр сүүлийн тоглолтдоо багийн логоны доор “ЗИДАН 2001-2006” гэсэн бичиг бүхий өмсгөл өмсөн тоглосныг бид тодхон санаж байна.

2006 оны дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад чүү чамай салгалан оролцож байсан Францыг шигшээд жинхэнэ лидер хэрэгтэй байлаа. Раймонд Доменекийн бодлоор гурван өнгөтнүүдийг Германд амжилттай оролцуулах лидер нь Зизу. Удаан гуйсны эцэст 34 настай домогт тоглогчийг Доменек өөрийн багтаа эргүүлэн авчирлаа. 2006 оны тавдугаар сарын 27-нд Зидан шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд 100 дахь тоглолтоо хийснээр Марсель Десай, Дидье Дешам, Лилиан Тюрам нартай хамт бас нэгэн рекордын эзэн болжээ.

http://www.smh.com.au/ffximage/2006/07/10/zidane4_wideweb__470x340,0.jpg2006 оны дэлхийн аварга эхэллээ. Францын шигшээг хэн ч финалд хүрнэ гэж зүүдэлсэнгүй. Гэвч гурван өнгөтнүүдийг домогт Зизу, залуухан Рибери нар чирсээр финалд хүргэсэн билээ. Өөрөөсөө бараг л арван насаар дүү тоглогчдын эсрэг гайхамшигтай тоглолт үзүүлж, од ямагт одоороо л байдгийн тод жишээг харууллаа. Ялангуяа Бразилын шигшээг дахин хожиход “хөлбөмбөгийн шидтэнгүүдэд” ногоон талбайд чухам яаж тоглодгийг яруу тодоор дахин харууллаа. Хэрвээ финалын тоглолтод улаан карт аваагүйсэн бол алтан бөмбөгийн эзэн болох хамгийн өндөр магадлалтай байв.

Язид бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин биш юмаа гэхэд бүх цаг үеийн хамгийн шилдэг довтолгооны хагас хамгаалагч гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх биз.

Гавъяа шагнал

Бордед

Ювентуст

Реал Мадридад

Шигшээ багийн хамтаар

Хувийн амжилтаараа

  • Ballon d’Or awarded to Zidane in 1998.

Медаль

No comments:

Post a Comment