NBA news

0 сэтгэгдэл

Даллас Маверикс багийн түлхүүр тоглогч Дирк Новицко сагсан бөмбөгийн ЕАШТ-д оролцож чадахгүй болжээ. Далласын эзэн Марк Кубан Германы сагсан бөмбөгийн холбоонд энэ тухай мэдэгдсэн байна. Учир нь саяхан ЛА Лэйкерс болон Испанийн шигшээгийн төв Пол Гасоль Испанийн багт бэлтгэл хийж байхдаа хуруугаа гэмтээсэн нь Маверексийнханд нэгийг бодогдуулсан бололтой. Ер нь НБА-гийн багууд өөрийн гол тоглогчдоо шигшээ багт нь тоглуулах тун дургүй байдаг. Аргентиний Ману Жинобили, Францын Тони Паркер нарын жишээ үүнийг гэрчилнэ. Тэгээд ч тоглогчид шигшээ багтаа байхдаа л голчлон бэртээд байдаг нь НБА-гийн багуудад хар дурсамж болсон бололтой.

Израйлийн сагсанбөмбөгийн Маккаби Хайфа баг Америкийн залуу тоглогч Жереми Тайлерийг багтаа элсүүлжээ. 18 настай Тайлер нь ахлах сургуулиа төгсөөд шууд ийнхүү далайн чанадад тоглохоор болж байгаа бөгөөд нэг жилийн 14000 ам долларын гэрээ Израйлийн багтай байгуулсан байна. Ингэснээр Жереми Тайлер нь ахлах сургуулиасаа шууд мэргэжлийн сагсанбөмбөгийн замналаа гадаадад эхлүүлсэн анхны Америк тоглогч болжээ. 2 метр 7 см өндөртэй Тайлер Сан Диегогийн ахлах сургуулийг төгсөхөөс нэг улиралын өмнө ийнхүү мэргэжлийн тоглогч болсон байна. Тэрээр ахлах сургуульд нэг тоглолтонд 28.7 оноог авч байжээ. Израйльд нэг жил тоглоод 2011 оны НБА-гийн драфтад орлох бодолтой байгаагаа Жереми орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Филадельфиа 76 баг өнгөрсөн улиралыг Европт өнгөрүүлсэн төвийн тоглогч Примоз Брезектэй гэрээ байгуулжээ. 2 метр 11 см өндөр Брезек нь НБА-д долоон жил тоглохдооо Индиана, Шарлотт, Детройт болон Торонтогийн багуудад хүчин зүтгэж 321 тоглолтонд оролцсон байна. Ингэхдээ тэрээр нэг тоглолтонд дунджаар 7.6 оноо, 4.1 удаа самбараас бөмбөг авч байсан агаад харин өнгөрсөн улиралд Италийн лигт Лоттаматика Виртус багт тогложээ.

Куйнтен Ричардсан энэ зун 4 дэх багтаа солилцоогоор очиж магадгүй болжээ. Түүний шинэ баг нь энэ удаа Майами Хит баг байх аж. Миннесота Тимбервулвез баг Майами Хит багтай тохиролцсоны үндсэн дээр төвийн тоглогч Марк Блонтоор Ричардсаныг солихоор болсон тухай Yahoo сайт мэдээлж байна. Ричардсан энэ зуныг Нью-Иорк Никс багтай эхлүүлсэн ч ЛА Клипперс багт солилцоогоор очин удалгүй Миннесота багт ирсэн билээ. Харин сүүлийн 3 сарын хугацаанд түүний 4 дэх баг нь Майами Хит болж байна. Тус багийн дасгалжуулагч Пет Райлей Ричардсоныг сэлгээнээс гаргаж холын зайн шидэлтүүдийг нь ашиглах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Ричардсоны хувьд харин эдгээр солилцооны дүнд 9.35 сая ам долларыг олж чадсан аж.

Денвер Наггетс баг ахмад холбон тоглогч Энтони Картертэй гэрээгээ сунгасан байна. Гэрээ ёсоор Картер нэг жил Наггетсийн төлөө тоглохдоо 1.3 сая ам долларын цалин авахаар болжээ. Өнгөрсөн улиралд Картер 78 тоглолтонд оролцож 5.3 оноо, 4.7 оновчтой дамжуулалтыг өгч байсан юм.